05/10/2011

Эрээчигчдээ өмөөрч бичсэн эрээчилт

        Он-лайн ертөнц гэгч зүйл Монголд утгаараа хөгжих болж. Энгийн жижиг мэдээллийн самбараас эхлээд хувь хүний мэдээ мэдээлэл, албан байгууллагын нууц зэргийг хадгалдаг архив маягтай болж ирснээ бүр хувийн амьдрал руу шургалан орж хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх индэр болтлоо хөгжчихөөд байгаа билээ. Энэхүү индэр дээр гараад удаагүй байгаа боловчиг мөр зэрэгцэн эрээчдэг хүмүүсээ өмөөрч ямар нэг юм хэлэхгүй бол горигүй мэт санагдлаа. 

       
          Эрээчилтийн ертөнц надад маш олон шинэ содон мэдрэмжийг төрүүлсэн. Зарим хүн шал дэмий элий балай юм бичлээ, цаг заваа дэмий юманд үрлээ оронд нь гадаад хэл судал энээ тэрээ гэж их л заадаг. Харин би өөрийгөө энэ бяцхан эрээчилтийн ертөнцөд байгаагаа цаг заваа дэмий үрж байна гэж огтхон ч бодож байгаагүй. Яагаад гэвэл ямар нэг юм эрээчинэ гэдэг бол заавал бодож тунгааж яаж эвлэгхэн ойлгуулах уу? Хэрхэн өөрийн санаагаа бусдад ойлгуулах уу? гэж тэрүүхэн тэндээ тархиа хөөрхөн шиг гашилгана.

           Тэгээд ч эрээчигчдийн бяцхан бүлгэмд элссэнээр би урьдахаасаа илүү их ном уншиж мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртэж, үнэлж дүгнэж байхыг хүсэх болсон. Нэг ёсондоо миний тархинд соёлын, танин мэдэхүйн, эрэл хайгуулын шинэ хайлтын систем сууж эхэлсэн. Тэр хайлтын системыг өргөжүүлж хөгжүүлэх тусам ямар нэгэн юмны талаарх өнгөц өөрийгөө хэт дөвийлгөсөн хүүхэд зангаа гээж мэдлэгэнцэр ойлгонцоруудаа улам батжуулж онол, практикийн түвшин болоод хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвшсэн. Харин би нэг л юмыг сайтар ойлгосон. Өнгөцхөн мэдлэг бол хогийн саванд буй хог бөгөөд хамгийн их хор хөнөөлтэй, хамгийн их хор хөнөөлч тарьж чаддаг гэдгийг. "Ямар нэгэн юмны талаар өнгөцхөн арьсан төдий мэдлэгтэй ойлголттой байна гэдэг ердөө ч мэдлэг биш" гэсэн санаалдаа. Жишээлбэл: эдийн засгийн талаар өнгөцхөн мэдлэгтэй байхдаа Макро Микро эдийн засгийг өчүүхэн хэмжээнд ойлгож байсан байна. Микро гэдэг бол гэр бүл. Макро бол улс орны хэмжээнд. Иймэрхүү ойлголт хараа муутай хүн бүдэг бадаг бүдчин түдчин харахтай л адилхан. Нүдний шилээ зүүгээд харвал үй түмэн бичиг үсэг байх жишээтэй. Эдийн засгийн ойлголтыг нүднийхээ шилийг зүүгээд харвал санхүүгийн тооцоо, ажиллах хүчний чадвар, боловсруулалт, хүмүүжил гэх мэт олон хүчин зүйл нийлж байж Микро эдийн засгийн түвшний анхдагч бие бүрэлдэхүүн болох гэр бүл хэмээгч бүлгийг бүрэлдүүлдэг энэ ч бас бус мэдлэг. Нэг ёсондоо өмнө нь зүгээр л гэр бүл гэж ойлгодог байсан бол гэр бүлийг задлаж, түүнийг бүрэлдүүлэх, микро эдийн засгийн хувьд бүрэлдүүлэгч хүчин нь юу вэ? гэдгийг таньж ойлгож мэдсэнтэй холбоотой гарсан бичкэн дүгнэлт. Удахгүй энэ өшөө ч дэлгэрэх байх.

Бас нэг зүйл гэвэл хүмүүсийн сэтгэгдэл байдаг. Тэнд магтаж сайшаасан нь ч бий муу үгээр дайрч доромжилсон ч бий. Угаасаа 50-н хувийн магтаал 50-н хувийн шүүмж байх ёстой. Энэ бол баланс. Хэрвээ 70-н хувийн магтаал 30-н хувийн шүүмж байвал амжилттай яваагийн тоон хариу. Эсрэгээрээ солигдвол миний эрээчилтийн өнгө аяс, чадвар бусдад гологдож байнаа л гэсэн үг. Тийм учраас өөртөө шинэчлэл хийхийг үүрэг даалгавраа болгодог. Гэхдээ та бүхний сэтгэгдэл надад маш их урам зориг, эрч хүч өгдөг төдийгүй цаашдаа эрээчих хүслийг минь бадрааж шатаадаг бензин лугаа тул тууштай миний эсрэг талд зогсож шүүмжлэгч минь байгаасай  гэж таниас хүсэх байна.

                                          


                                        Агуу дайчныг агуу дайсан л бий болгодог.

                 

 


             Залуу хүн бүрийг блог хөтлө гэж албадахгээгүй. Гэхдээ Монголоороо зөв тодорхой, хүнд ойлгоцтой бичиж, ярьж л сурах хэрэгтэй. Ядаж ажилд орох гээд ярилцлаганд ороход ммм ааа нөгөө юу гэхгүйгээр л ярьдаг болох хэрэгтэй. Би энэ чадварыг эзэмших гэж л блог хөтөлдөг. Бусдын хувьд өөр байж болох л байх. Гэхдээ миний хувьд миний блог бол эрдэм мэдлэгийг таньж мэдэхэд чиглүүлэгдсэн чинжаал хутга гэж ойлгож байгаа.

                                  Ирийг нь мохтол би хайх болно
                                  Ирийг нь мохтол би бичих болно
                                  Ирийг нь мохтол амьдрах болно. 



           Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй түүнийхээ төлөө тэмцдэг байгаасай хэмээн энэхүү жалганаасаа би таньд зориулж бичсээр ч байх болно. 
                                                                   Жалганы эрээчигч хүндэтгэсэн Эмоз.

1 comment:

  1. Jalganii emozdoo umuursund tnx gj helie.

    ReplyDelete